Сүү, цагаан идээний борлуулалтын цэг нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 1 литр шингэн сүү дунджаар 3000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь өмнөх сарын дундаж үнээс 5.6 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 8.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт байна. Мөн зах, худалдааны төвүүдэд ааруул кг тутамд 25 мянга, шар тос, айргийн тос 25-28 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.
Ховд аймгийн ЗДТГ, Цант
ферм хамтран eрөнхий боловсролын Зургаадугаар сургуулийн дэргэд “Сүү, цагаан идээ
борлуулах цэг” байгуулсан. Тус борлуулалтын цэг өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж
байна.
Иймээс орон нутгийн
иргэд өргөнөөр үйлчлүүлж, төрөл бүрийн цагаан идээ, бүтээгдэхүүн худалдан
авахыг санал болгов. Энд сүүг жилийн дөрвөн улиралд литр тутамд 2000 төгрөгөөс илүү
гаргахгүй байх зорилго тавин ажиллах юм.
Ховд аймагт хэрэгжиж байгаа "Шинэ Ховд" төслийн хүрээнд иргэдийг тогтмол сүү, цагаан идээгээр хангах нэг ажил бол иргэдэд ойр борлуулалтын цэгүүдийг бий болгох. Энэ хүрээнд дээрх борлуулалтын цэгийг байгуулснаараа онцлогтой аж.
Орон нутгийн иргэд, үйлдвэрлэл эрхлэгчид төв зах, томоохон худалдааны төвүүдээс гадна 2-3 борлуулалтын нэгдсэн цэгт сүү, цагаан идээ, бусад нэр төрлийн бүтээгдэхүүнээ зарж буй.