Архив, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ховд аймгийн төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулан “Үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахаар заасан. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндэсний статистикийн хороотой хамтран “Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г өнгөрсөн 2021 онд улс орон даяар хийсэн байна.
Уг судалгааны дүнд
тулгуурлан Хэлний бодлогын үндэсний
зөвлөлийн
ажлын албанаас Булган, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Төв,
Өмнөговь, Завхан, Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад үндэсний бичгээр
цахим бичвэр боловсруулах арга зүй эзэмшүүлэхээр зорьж байгаа нь энэ юм.
Мөн Ховд аймгийн хэлний
бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаа, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн
байдалтай танилцана. Бүртгэл судалгаанаас үзэхэд Ховд аймагт биет
бус өв тээгч 900 гаруй хүн байна. Иймээс
аймгийн биет бус өв тээгчидтэй уулзан, аман уламжлалыг баримтжуулах ажлыг
зохион байгуулах аж.
