Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад 1.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.02.23/ олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгохоор боллоо.
Тухайлбал, 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахаар шийдвэрлэж, тус хорооны даргад даалгажээ.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ баг Токиогийн
олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос
медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаар байрт
шалгарсан.
Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн
эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол
олимпын хүрэл медалийг жүдо бөхийн
эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д
Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар тус тус хүртсэн
билээ.
Мөн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо
төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-д Э.Содномпилжээ
245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон.