Б.Болортуяа 53 кг жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос өнгөрсөн 7 хоногт Туркийн Станбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ.
Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын
Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн
олимпийн хүрэл медаль хүртсэн оноон дээр Станбулд түрүүлж 13000 оноо
нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг жинд ийнхүү тэргүүлэв.
Харин өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд
5 дугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-д аман
хүзүүнд бичигдэж байна. Станбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400
оноогоор нэг байр ахиж 125 кг-д 4 дүгээр байр руу дэвшив.
Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга
25000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм,
эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ
Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор
дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар
С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.
Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000
оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний
20-д хараахан багтаагүй байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.
Ташрамд сонирхуулахад, Дэлхийн чансааны оноог гаргахад Станбулын
тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг
харгалзан үзжээ.