Дархан-Уул аймгийн шигшээ 4 дараалан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-07 10:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 6-нд Баянхонгор аймгийн "Номундалай" цогцолбор сургуулийн зааланд болж шилдгүүдээ шалгаруулав.


Тус тэмцээнд нийт 19 аймгийн шигшээ баг дээд болон нэгдүгээр шатанд өрсөлдөж ням гарагт медалийн төлөөх тоглолтууд явагдаж нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө талбайн эзэн Л.Амарбаясгалан дасгалжуулагчтай Баянхонгор болон Б.Батсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймгуудын тоглолт 7:2-оор Баянхонгор аймаг ялалт байгуулж, мөн дээд шатны хүрэл медалийн төлөө М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон болон Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгуудын тоглолтод Орхон аймгийн шигшээ баг 8:3-аар ялалт байгуулснаар хүрэл медалийн болзлыг хангалаа.


Харин нэгдүгээр шатны аваргын төлөө Ц.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар болон Отгонбаяр дасгалжуулагчтай Ховд аймгуудын тоглолт тун сонирхолтой явагдаж 6:3 харьцаатай хожиж Ховд аймгийн шигшээ баг түрүүлэв. Тэд дараа жилийн тэмцээнд Сүхбаатар аймгийн хамтаар дээд шатанд өрсөлдөхөөр боллоо.


Энэхүү тэмцээний дээд шатны аваргын төлөө С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул болон Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн хооронд өрнөж 6:2-оор Дархан-Уул аймгийн шигшээ баг тэргүүн байр эзэлснээр футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Дарханыхан 4 дараалан түрүүлсэн амжилтыг гаргалаа.


Тоглолтын дараа хаалтын ёслол болж, тус тэмцээний шагналт байрууд болон шилдгүүдийн шагналыг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Монгол Улсын анхны шигшээ багийн ахлагч ОУХМ М.Доржпалам, Мастеруудын зөвлөлийн дарга Л.Энхбаатар, Баянхонгор аймгийн ХБХ-ны УЗ-ийн гишүүн, Тэмцээний зохион байгуулах комиссын дарга Г.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.


Тэмцээний дээд шатны шигшээ тоглолтыг үнэн зөв шударгаар шүүн дэнслэн явуулсан шүүгч нарт дурсгалын медаль гардуулав. Мөн тус тэмцээнд бусдыгаа манлайлж шилдэг нь байсан тоглогчдыг тодруулахад нэгдүгээр шатанд шилдэг хаалгачаар Х.Золбоот /Сүхбаатар/, шилдэг тоглогчоор Б.Бат-Эрдэнэ /Ховд/, шилдэг довтлогчоор 16 гоол оруулсан Н.Бямбадорж /Ховд/ нар тодорлоо.


Харин дээд шатанд шилдэг хаалгачаар Э.Пүрэврагчаа /Дархан-Уул/, шилдэг тоглогчоор Э.Хосбаяр /Дархан-Уул/, шилдэг довтлогчоор 15 гоол оруулсан Б.Баяржаргал /Дорноговь/ нар тус тус шалгарлаа.





















Связанные новости