Францын Элчин сайд С.Сүрүн МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-09 15:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, тэргүүн зөвлөх Жулиен Пауперт нар даваа гарагт Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүлсэн байна.


Уулзалтад МҮОХ-г төлөөлөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.


Зуны XXXIII олимпын наадам Францын нийслэл Парис хотноо 2024 онд болно. Уулзалтын үеэр “Парис-2024” олимпын наадамд Монголын тамирчид оролцоход Францын ЭСЯ-наас бүхий л талаар дэмжин ажиллахаа ноён С.Сүрүн илэрхийлэв. Тухайлбал, манай тамирчдыг Францад хамтарсан бэлтгэл хийлгэх, илүү урт хугацааны виз олгох, бусад хот, мужтай шефийн харилцаа тогтооход олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Харин МҮОХ-ноос Монголд өндөр түвшинд хөгжөөгүй регби, бадминтон, брэйк бүжиг зэрэг төрлөөр Францын тамирчдаас туршлага судлахыг хүссэн бол, Францын талаас Монголд өндөр түвшинд хөгжсөн чөлөөт бөх, бокс, жүдогийн төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийлэв.


МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын наадмын үеэр монгол орныг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolian House” төслийг Элчин сайдад танилцуулж, Парисын олимпын үеэр уг төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулжээ.





Связанные новости