Элчин сайд Т.Бадрал паралимпад оролцож буй баг тамирчидтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин цанын төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Монголын баг тамирчидтай цахим уулзалт хийж, амжилт хүслээ.
Энэ удаагийн өвлийн паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдаж
байгаа учраас Элчин сайд Т.Бадрал биечлэн ирж уулзаж чадаагүй юм. Элчин сайдаас
Монголд өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд БНХАУ-д баригдсан өвлийн спортын шинэ
барилга байгууламж дээр Монголын паралимпын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг
хийлгэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Ханжоу хотод 2022
оны есдүгээр сард болох Азийн зуны спортын XIX наадам, 10 дугаар
сард болох паралимпын наадамд Монголын баг тамирчдыг түлхүү оролцуулахад Элчин
сайд онцгойлон анхаарч, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллана”
гэв.
Энэхүү уулзалтын төгсгөлд Монголын баг тамирчдад гарын бэлэг гардуулж, спортын
өндөр амжилт хүсэв.