Дорноговь аймгийн боксчдод Тоёото маркийн автобус бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-10 15:33:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд дэд ерөнхийлөгч В.Ганзориг Дорноговь аймгийн боксын холбоонд “Тoyoto” маркийн 23 хүний суудалтай автобус бэлэглэжээ.


Дорноговь аймагт боксын спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн өндөр боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Дорноговь аймгийн боксын холбоонд баг тамирчдаа уралдаан тэмцээнд оролцоход нь зориулж шинийн 8-ны /2022.03.10/ билэгт сайн өдөр ийнхүү автобус хандивласан байна.


Ташрамд дуулгахад, Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин /мастер/, Ардын багш  Хайдавын Алтанхуягийн нэрэмжит  боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт /2022.02.28-03-06/ болсон юм. Энэ тэмцээнээс Дорноговь аймгийн баг тамирчид 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн байна. 




Связанные новости