АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ:Хайгуулын зөвшөөрлийн тоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-24 11:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтан зохион байгуулж буй хэлэлцүүлэг өнөөдөр “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр “Корпорейт конвейншн центр”-т үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого” илтгэл тавив.


Тэрээр илтгэлдээ, “Дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээ багасаж байна. Тиймээс бид байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай. Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий” гэдгийг онцлов.


Удаалаад “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” хэлэлцүүлэг болж, “Кью Эм Си” группийн ерөнхий захирал, судлаач М.Дагва, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио Тинто” группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор М.Батттөгс нар модератороор оролцлоо.


УУХҮЯ энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгохоо мэдэгдэв. Мөн ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулах тул үйл явц ил тод, нээлттэй, ААН-үүд тэгш өрсөлдөх боломжтой, хүний нөлөөлөлгүй болно гэдгийг мэдээлж байна. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дунджаар 35 хоног зарцуулдаг байсныг 7-10 хоног болгон бууруулна гэв.



Связанные новости