АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ: Уул уурхайн салбар аж үйлдвэрлэлийн орцыг бэлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумыг угтсан 3 дахь хэлэлцүүлэг өнөөдөр “Аж үйлдвэрийн
сэргэлт” сэдвээр “Корпорейт конвейншн центр”-т болов. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ярилцсан сэдэв,
онцлогийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаас тодруулав.
Тэрээр хэлэхдээ, "Энэ удаагийн хэлэлцүүлэгт өнөөдөр 4 яам хамтран оролцож асуудлаа ярилцлаа. Тодруулж хэлбэл, мал аж ахуй, ХАА дээрээ үндэслэсэн хөнгөн үйлдвэрлэл, байгалийн баялаг дээрээ тулгуурласан хүнд үйлдвэрлэл, мөн өв соёл, монгол оюун дээрээ үндэслэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд салбар салбарын асуудлыг хөндсөнөөрөө онцлог болж байна" хэмээн тодотгов.
-Энэ хэлэлцүүлгийн ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Яагаад гэвэл, аж үйлдвэржилтийн гол орц нь өөрөө уул уурхай, хүнд үйлдвэр байж бусад салбараа цааш хөгжихөд дагуулж явах гэдэг утгаар зонхилж байгаа. Манай улсын голлох, давуу тал өндөртэй, өөрийн гэсэн туршлага хуримтлуулсан, нэг тэрбум ам.долларын босго давсан, хагас боловсруулсан болон түүхий эдээсээ илүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашид металлургийн үйлдвэр хөгжих суурь салбар нь өнөөдөр яалт ч үгүй уул уурхай, хүнд үйлдвэр болж байгаа. Манай улсын уул уурхайд Оюутолгой зэрэг томоохон төслүүд хэрэгжиж бид туршлага сууж байна.
Тийм ч учраас Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийг тусгаад явж байна. Энд газрын тос боловсруулах, нүүрс угаах, зэс хайлуулах болон гангийн үйлдвэрийн төсөл багтаж байгаа. УУХҮЯ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 3 зорилт, 11 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад олон улсад ложистик саатах зэргээр хаа сайгүй олон хүндрэл сорил, бэрхшээлтэй тулгарсан. Хэдий хүнд хэцүү үеийг туулж буй ч мега том төслүүдийг хөдөлгөж зайлшгүй явах ёстой гэдэг дээр олон талын байр суурь бүгд нэгдэж байна.
-Манай улсад Аж үйлдвэрийн
томоохон төслүүдийг хөдөлгөснөөр ямар ямар үр дүн гарна гэж тооцож байгаа вэ?
-Жишээ нь, бид зэс хайлуулах үйлдвэрийн төслөө эхлүүлснээр, зэсийн баяжмалаас катодын зэс үйлдвэрлэлээ гэхэд үүнийг ашиглаад маш олон жижиг, дунд үйлдвэр кластераар цааш хөгжих тэр орон зай бий болох юм. Тиймээс төрийн бодлогоор манай улс хагас боловсруулалтаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шилжинэ.
Энэ үйл явц төрийн
бодлогын хүрээнд зайлшгүй хийгдэх ёстой юм. Ингэж байж ЖДҮ, хувийн сектор илүүтэй
үйлдвэр рүү орох боломжтой болно. Энэ бүхэн Төр-хувийн хэвшлийн түншлэлийн
бодлогын хүрээнд хэрэгжих юм. Аж үйлдвэр ийм байдлаар цаашид урт хугацаанд,
тогтвортой хөгжихөд уул уурхайн салбар өөрөө хамтарч, зэрэгцээд хөгжиж явна. Нэг
ёсондоо уул уурхайн салбар тэр нүүрсийг нь, тэр зэсийг нь, тэр газрын тосыг гаргаж
өгөх аргаар аж үйлдвэрлэлийн орцыг бэлдэж явах юм.
Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн
тулд бид эрхзүйн орчинг, тодруулж хэлбэл, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн
найруулгыг бүрэн цогц утгаар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, таатай,
салбараа геологи хайгуулаас нь аваад ашиглалт-боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлтээс
хаалт хүртэл нь бүрэн циклээс нь харсан бодлогоор өөрчилнө.
Гэрэл зургийг Б.Чадраабал