Алхалтын баг 8 хоног алхаад Баянхонгор аймагт ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Монголын явган алхалтын холбооны найман гишүүн “4 аймаг, 400 км” алхалтаа үргэлжлүүлсээр байна.
Тэд алхалтаа Завхан аймгаас эхлүүлсэн бөгөөд Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхах юм. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Чойсүрэн /ахлагч/, Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнзул нар багтжээ.
Багийн ахмад гишүүн нь 51 настай бол залуу нь 23 настай. Энэ сарын 10-нд алхалтаа эхлүүлсэн алхагчид Баянхонгор аймгийн нутагт яваа юм байна. Алхалтын явцад цасан шуурга, хүчтэй салхи, хадан хясаа, хөр цас гээд бэрхшээл цөөнгүй тулгарсаар байгаа ч тэд аялалаа үргэлжлүүлсэээр байгаа юм.
“4 аймаг,
400 км” алхалтын багийн бариалах газар нь Архангай аймгийн Цэцэрлэг хот бөгөөд
энэ сарын 21-нд бариандаа хүрэхээр төлөвлөжээ.