Боксчдын салхийг хагалсан Б.Түвшинбат өрсөлдөгчөө яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТРио-де-Жанейро хотноо зуны Олимпийн XXXI наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат Аргентины Палмэтта Албертог хожиж, шөвгийн 16-д үлдлээ.
Ийнхүү Б.Түвшинбат Монголын боксчдын тулааны салхийг хагалж Риогийн Олимпийн рингээс эхний ялалтаа авч чадлаа. Риогийн Олимпийн боксын тэмцээнд манай зургаан тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан бөгөөд Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар эхний тойрогтоо гоц мөргөж шууд 16-д үлдсэн.
Г.Ган-Эрдэнэ 49 кг-д эхний тулаан буюу шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө өнөөдөр хүч үзнэ. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж байгаа Д.Отгондалай 60 кг-д эхний тулаанаа наймдугаар сарын 9-нд хийх юм. Тэрбээр Нидерланд, Тайванийн боксчдын аль хожсонтой нь шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглоно.
Харин 52 кг-д Х.Энх-Амар эхний тойрогт Мексикийн Эмигдио Абарсатай энэ сарын 13-ны өдөр тулалдах бол 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой 10-ны өдөр хүч үзнэ. Энэ өдөр 64 кг-д Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай тулалдана.
Д.Өлзий