Морины сэрвээг хэмжих 5 төхөөрөмж суурилуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан шинэчлэгдсэн хуулийн
дагуу зохион байгуулагдах гэж
буйгаар онцлогтой.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах
дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан. Ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд
дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар
хүргэхээр болсон.
Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулах юм. Тэгвэл Хүй 7 худагт морины сэрвээний өндрөөр хэмжих 5 төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр мөн уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой юм байна.
Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангажээ. Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийг байрлуулах асар, майхнуудыг бэлджээ. Энэ бүх ажлын явцтай Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь танилцав. Тэрээр, уяач нар, уралдаанч хүүхдүүд болон хэвлэлийнхэнд морьдын сэрвээг хэрхэн хэмжих, хүүхдүүдийг хаана байрлуулах зэргийг дэлгэрэнгүй мэдээлэх, уяачдыг асар майхнаа барих газруудыг тодорхой байлгах зэргээр тав тухтай наадах боломжоор хангахыг Хурдан морины салбар хорооныхонд үүрэг болгов.