Хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-12 13:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа эхэллээ.

 

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, аймгийн начин Э.Батсуурьтай оноолт тааран барилдаж байна.


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, аймгийн начин Т.Дэчинжүрмэдээр 4 давлаа.


Дөрвийн даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн начин Г.Биндэрьяатай оноолт таарч хаялаа. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн начин Ё.Улсболдоор 4 давлаа.


Баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн давааны эхэнд гарсан улсын цолтнуудын оноолтыг танилцуулбал:


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдоржтой, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, аймгийн харцага О.Үйтүмэнтэй, Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарамтай тус тус оноолт таарч барилдаж байна.


Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгстэй, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэнтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн заан Н.Энхжаргалтай, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн заан Б.Бадамдоржтой, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх, Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалантай, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн арслан М.Төрбаттай, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Улсын заан Б.Соронзонболд, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлтэй тус тус учраа таарч барилдаж байна.


Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн түрүү бөхийн тоонд явж байсан Б.Пүрэвсайхан заанаар 4 давлаа. Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх, аймгийн харцага Х.Наранбаярт өвдөг шороодлоо.


Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнайд, Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус ойчлоо.


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын заан Ц.Одбаяр, Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягаар 4 давлаа. Ийнхүү хүчит бөхийн дөрвийн даваа тун сонирхолтой өрнөж байна.

Связанные новости