Дэлхийн Уул уурхайн конгрессын хурлыг зохион байгуулах хороо Монголд хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Уул уурхайн конгрессын ээлжит хуралд бэлтгэх Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны хуралдаан манай улсад болж байна.
“Туушин” зочид буудалд өнөөдөр эхэлсэн уг хуралд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Дэлхийн уул уурхайн конгрессын дарга Марек Сала, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар, доктор Д.Галсандорж, “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Энэтхэг, БНХАУ, Австрали, Польш зэрэг 15 орны төлөөлөл оролцов.
Хурлын эхний хэсэгт оролцогч нар Монголын уул уурхайн 100 жил, “Эрдэнэт үйлдвэр” (зэс), нүүрс, газрын ховор металл (критикал минерал), эрдсийн экспорт, ирээдүйн чиг хандлага болон Энэтхэгийн ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, дэлхийн уул уурхайн тайлан мэдээллийг сонслоо.
Хоёр дахь хэсэгт Австралийн Үндэсний зохион байгуулах хороо, Брисбэнд болох 2023 оны 26 дахь удаагийн олон улсын хурлын бэлтгэл ажлын явц байдлыг танилцуулж, БНХАУ-ын уул уурхай, нүүрсний салбарын хөгжлийн талаар Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн Eрөнхий захирал Су Чуанронг илтгэл тавин хэлэлцүүллээ. Мөн шинэ гишүүдийг элсүүлэх дэд хорооны тайлан, ерөнхий нарийн бичгийн дарга Язек Скибагийн илтгэлийг оролцогчид сонслоо.
Тодруулга: Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд анх Польш улсад үүсэн байгуулагдсан. НҮБ-д албан ёсоор бүртгэсэн уул уурхайн мэргэжлийн олон улсын байгууллага юм. Ирэх оны 6 дугаар сард Австралийн Брисбэн хотод 26 дахь удаагийн хуралдаанаа хийхээр бэлтгэж байна.