Статистикийн бизнес регистрийн санд 279.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-22 16:47:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес регистрийн санд 2025 оны эхний 9 сарын байдлаар 279.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 29 мянгаар, өмнөх улирлынхаас 8.6 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, 3 дугаар улиралд 8.6 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж, 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Хуулийн этгээдийн 216.8 мянга нь компани, 34.7 мянга нь төрийн бус байгууллага (ТББ), 15.2 мянга нь хоршоо, 5.6 мянга нь нөхөрлөл, 5 мянга нь төсвийн байгууллага, 2.6 мянга нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ), орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) болон бусад хэлбэртэй аж.


Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 72.2 хувь нь Улаанбаатар хотод, 9.4 хувь нь Төвийн бүсэд, 8.3 хувь нь Хангайн бүсэд, 18.7 мянга 6.7 хувь нь Баруун бүсэд, 3.4 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна.


Ховд, Орхон Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймагт 5.2-6.0 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа юм. Мөн Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.8-2.3 мянга болжээ.


Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 279.9 мянган хуулийн этгээдийн 41.1 хувь нь үйл ажиллагаа хэвийн, харин 58.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байх юм. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 60.0 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон, үлдсэн 40.0 хувь нь бусад шалтгаантай үйл ажиллагаа эхлээгүй байна.


Хэвийн хэмжээнд ажиллаж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 86.7 хувийг,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 6 хувийг,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 4.7 хувийг,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.6 хувийг эзэлж байна.

Улмаар 1-9 ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар өсжээ.


Аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ (аж ахуйн нэгж, байгууллагын орлого, үндсэн хөрөнгийн хэмжээ), ажиллагчдын тоо, цалин, эдийн засгийн салбарын ангиллыг энэ мэдээллийн сан багтаадаг онцлогтой.

Связанные новости