Үндэсний сурын харваанд Б.Пунсалдулам тэргүүлж, Даян мэргэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-12 18:24:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний сурын шилдэг харваа болж, шилдэг 16 харваач цэц мэргэнээ сорилоо.

Үүнээс эмэгтэйчүүдийн харваанд 180 шигшмэл харваач оролцсоноос Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний сурын харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ.

Тэрбээр 1999 онд Өвөрхангай Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш С.Ууганзаяагийн удирдлага дор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буйхаа эхэлжээ.


Улмаар Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн Аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 оноос аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшийн удирдлага дор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож иржээ. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тэргүүн байрт орж Монгол Улсын мэргэн цол хүртэж байв

Энэ жилийн үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач боллоо. Гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо. 


Харин үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо мөн 39 оноогоор тэргүүн байрт шалгарав.  Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд дархан мэргэн 4, даяар дурсах мэргэн 2, даян мэргэн 7 харваач цэц мэргэн сорилоо. Ингэснээр энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харваа өрсөлдөөн ихтэй, шигшээ харваач олонтой, чансаандаа багтсан, чансаа өндөртэй боллоо.

Связанные новости