Улсын заан цолтон 3 бөх шинээр төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-12 21:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваанд Монгол Улсын Заан цолтон 3 бөх шинээр тодорлоо.

 

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрахыг давлаа.

 

Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс  Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очирыг, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгоныг тус тус давж, наймын даваанд барилдахаар болов. 

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаярт ойчиж, энэ наадмын анхны заан цолтны болзол хангасан бөхөөр  Б.Орхонбаяр тодорлоо.

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серикт ойчлоо. Ийнхүү Б.Серик заан болж тус аймгаас 80 жилийн дараа улсын заан цолтон бөх төрж байна.

 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоогоор 7 давж, Монгол Улсын Заан цолны болзлыг хангалаа.

 

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын начин О.Мөнх-Эрдэнийг амлаж, түүнийг давснаар Монгол Улсын заан цолны болзлыг хангалаа.

 

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл нарыг хэн ч амлалгүй тунаж үлдсэн. Цэргийн арслан М.Лхагвагэрэл, Улсын харцагыг давснаар Монгол Улсын заан цолны болзлыг хангав. 

Связанные новости