Улсын их баяр наадамд О.Хангай түрүүлж, монгол түмнээ баясгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж, Улсын аварга цолны болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Цагаануур
сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр ес даван үзүүрлэж, Улсын арслан цолны болзол хангалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадам ийнхүү Улсын аварга, Улсын
арслан шинээр төрсөн өргөн дэлгэр, содон сайхан наадам боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт “Улсын арслан” цол олголоо.
“Улсын арслан цол олгох
тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Я.Содбаатар уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Улсын арслан Б.Орхонбаярт цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг
нь зүүж, баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх Зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол
Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын
Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын
харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын
аварга” цол олголоо.
“Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын аварга О.Хангайд цолны батламжийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэв.