ЗАВХАН: Сүүний үйлдвэртэй болсноор малчид өдөр бүр орлоготой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-20 17:09:41

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул суманд төслийн дэмжлэгээр сарлагийн сүү боловсруулж, пробиотек сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэр нь Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь ENSURE төслийн дэмжлэгээр байгуулагдаж, өдгөө дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрт Их-Уул сумын 21 малчны бүлэг сарлагийн сүү нийлүүлдэг байна. Өдөртөө 40-100 литр сүүг малчид 1500-2000 төгрөгөөр нийлүүлдэг. Өглөө, оройны саамынхаа аль нэгийг нь сүүний үйлдвэрт өгдөг. Өөрөөр хэлбэл нэг малчин өрх сарлагийн сүүгээрээ өдөртөө 80-200 мянган төгрөгийн орлоготой байна гэсэн үг юм. Энэ нь малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчилсөн, өдөр бүр орлоготой байх боломжийг олгоод буй юм. Малчид сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж, өдөр бүр ээлжээр сүүгээ нийлүүлж байна. Учир нь өмнө нь нэг малчин эмэгтэй өдөр бүр 20-60 үнээг өглөө орой сааж саалиа өдөржин борлуулах гээд завгүй өнжих. Халуунд сүү нь гашлах, мөн сүү,цагаан идээгээ худалдах боломж тэр бүр олдохгүй байсан. Харин сумандаа сүүний үйлдвэртэй болсноор малчдын, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн, байнгын орлоготой байх боломжийг олгосон. Сумын нийт иргэдийн хувьд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг байнгын шинээр нь хэрэглэх боломж ч бүрдсэн. Ажлын байр нэмэгдэж, орлоготой болсон гээд давуу талууд бий болоод буй юм гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.




Сумынхаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байна

“Их-уулсын сарлаг” сүүний үйлдвэр өдөртөө 300-500 литр сарлагийн сүүг боловсруулж пробиотек сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэр өнөөдөр 10 орчим нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. Тус сумын иргэдээс гадна, тойргийн сумууд, дайран өнгөрч буй иргэд сүү сүүн бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Мөн сумынхаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сүү сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Их уул сумын ерөнхий боловсролын сургууль нь 1466 хүүхэдтэй, түүний 700 гаруй нь үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд өөрийн сумынхаа сарлагийн сүүгээр боловсруулсан пробиотек сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж буй нь эрүүл ахуй талаас маш чухал. Түүгээр ч барахгүй хүүхдүүд жилийн турш сүү цагаан идээг шинээр нь хэрэглэх боломжийг бүрдүүлж буй нь сайшаалтай. Ер нь хүүхдүүдийн үдийн цайнд холоос тээвэрлэхгүйгээр, сумаасаа, шууд малчны хотноос, хамгийн чанартай хүнсийг хэрэглэж буй нь эрүүл мэндэд нь ч чухал юм. Хүүхдүүд маань амт, чанартай таван төрлийн сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэж Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэмж мэдээлэв. 









Связанные новости