ЗАВХАН: Ирвэсийн судалгааг тогтмол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-22 16:28:13

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймагт цоохор ирвэсийн тархац байршлын судалгааг тогтмол хийж байна. 

Дэлхийн 12 улсад амьдардаг цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог. Манай улс 13 дахь жилдээ тэмдэглэх юм. 


Энэ өдөр ирвэсийг хамгаалахын учир, түүний тухай таниулах мэдээллийг олон нийтэд хүргэдэг.


Завхан аймаг цоохор ирвэсийн ул мөр болон түүний идэш тэжээл бологч амьтдын судалгааг өнгөрсөн жил хаягийн судалгааны арга зүйг ашиглан Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг орчимд хийж, баас зэргийг илрүүлсэн байна.


Монгол орны цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох дээрх судалгааны нэг хэсэг болох тохиолдлын судалгааны үр дүнгээр цоохор ирвэсийн тархац нутгийг цоохор ирвэс тохиолдох магадлал бага, дунд болон өндөр ангилалд хуваан тодорхойлсон. Бидний болон хамтрагч байгууллагуудын хийсэн автомат камераар цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох ажлууд бүгд цоохор ирвэс тохиолдох өндөр магадлалтай буюу гол амьдрах орчинд хийсэн тул цоохор ирвэс тохиолдох магадлал дунд болон бага амьдрах орчнуудад тоо толгой нь хэрхэн хэлбэлздэг талаар мэдээлэл дутмаг байна.


Нийт хэдэн тооны толгой цоохор ирвэс бий гэсэн нэгдсэн тоог хэлэх боломжгүй. Учир нь цоохор ирвэсийн тархац, байршлын судалгаанууд л хийж байна.


Дэлхийн байгаль хамгаалах сангаас ирүүлсэн удирдамж, арга зүйн дагуу автомат камеруудыг Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газруудад нийт 32 байршилд байршуулсан. Байршуулсан камерт ирвэсийн дүрс тэмдэглэгддэг.


Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Алдархаан, Эрдэнэхайрхан сумын нутгаар нэн ховор, ховор цоохор ирвэс, аргаль, янгир ямааны төллөлт зэргийг камераар судалж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нэн ховор цоохор ирвэсийн хоёр бүл, аргаль, янгирын болон бусад зэрлэг амьтдын 2500 гаруй гэрэл зураг камерт бичигдэж, судалгаанд ашиглаж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхээ мэдээлэв.


Сээрийн нуруунд камерт бичигдэж үлдсэн ирвэсийн дүрс

Связанные новости