Булган аймгийн баг шигшээ наймд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 8 дахь буюу хагас шигшээ барилдааны сүүлийн өдөр Багануур дүүргийн баг Булган аймгийн багтай учраа тааран барилдаж, Булган аймгийн баг 19:6-гаар илт давуу ялан, шигшээ наймд шалгарлаа.
Ялсан баг 5 сая төгрөгийн
шагнал авсан бол энэ барилдаанд даваа авсан бөхчүүд давааны мөнгөө гардан авсан
байна.
Булган аймгийн багт улсын
начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Х.Цогтгэрэл
/2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /5/, улсын начин Э.Сумъяабат /4/, сэлгээнд орж
барилдсан улсын начин Б.Түвшинтөгс 2 даваатай барилджээ.
Багануур дүүргийн багт
улсын начин Л.Батзориг /2/, аймгийн арслан Д.Буянт /1/, аймгийн арслан Б.Чинбат
/1/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл 1 даваа авсан
байна. Тус багийн сэлгээний бөх аймгийн заан Х.Өсөхбаяр бэртлийн улмаас энэ
барилдааныг өнжжээ.
Үндэсний “Алтан цом”-ын
төлөөх шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанууд ирэх долоо хоногт
эхэлнэ.
Харин өнөөдөр буюу 12-р
сарын 10-ны 12.00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн
алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.