ӨМНӨГОВЬ: Баянхонгор аймгийн нутагт 150 гаруй малчин өрх оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Богд, Шинэжинст, Баянговь, Баянлиг зэрэг сумын нутагт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй Гурвантэс сумын 150 гаруй малчин өрх отор нүүдэл хийн өвөлжиж, хаваржиж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан баг 2023
оны 2 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, отрын малчидтай уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
Тус аймгийн Баянлиг сумын төв дээр отрын малчдадаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр өвс олгох ажлыг зохион байгууллаа. Энэ удаад 400 боодол өвсыг татан авчирч малчдад
олгосон юм. Өвс тэжээл хүргэх,
отрын малчдыг эргэж тойрох, эрүүл мэндийн бүтээгдэхүүн,
малын амин дэм гэх зэрэг амьдрал ахуйд нь
хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлэх ажлыг ийнхүү үе шаттай зохион байгуулсаар
байна.
Баянхонгор аймгийн говийн бүсийг түшиглэн нүүдэллэж ирсэн Өмнөговь аймгийн малчдыг ая тухтай
өвөлжүүлж, хаваржуулах талаар аймаг, сумдын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, нааштай шийдвэрүүдэд
хүрчээ.
Отроор нутгаасаа гараад 2 жил гаруй
болж байгаа малчин өрхүүд ч цөөнгүй байна. Эдгээр малчин өрхүүд аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай уулзан цаг
үеийн мэдээллийг авч, санал хүсэлтээ хүргүүлж байгаадаа сэтгэл санаа өндөр байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн цагийн хүнд үед
малчдад нэн шаардлагатай байгаа өвс, тэжээлийг хотонд нь хүргэн ирж, хөнгөлөлтэй нөхцөлөөр малчдад хүргэж байгаа нь цаг
үеэ олсон ач холбогдолтой ажил болж байгаа аж.