О.Цэцэнцэнгэл Их дуулгын гурав дахь алтан медалиа зүүв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израилын "Тель-Авив-Их дуулга-2023" олон улсын тэмцээнийг Монголын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медальтай өндөрлүүллээ.
Тель-Авивын “Их дуулга-2023" олон улсын тэмцээний +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл Азербайжаны бөх Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэнээр Монголын төрийн дууллыг эгшиглүүллээ. Тус тэмцээнд 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 174, нийт 389 жүдоч өрсөлдсөн гэдгийг өмнө нь мэдээлсэн. Манай улсын хувьд эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч хүч үзсэнээс ийнхүү +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл аварга болж, 90 кг-ын жинд зодоглосон ОУХМ Г.Алтанбагана олимпын наадмын мөнгөн медальт Кубын тамирчин Иван Силваг нэмэлт цагт цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү Израилын "Тель Авив-Их
дуулга-2023" олон улсын тэмцээнийг Монголын баг тамирчид нэг алт, нэг
хүрэл медальтай өндөрлүүллээ.
О.Цэцэнцэнгэлийн хувьд энэ нь түүний Их дуулгын
тэмцээнээс хүртэж буй 3 дахь түрүү юм. Тэрбээр 2021 онд АНЭУ-ын нийслэл Абу
Даби хотод болсон Их дуулга тэмцээний +100 кг-ын жинд Румыны бөх В.Симионескутыг
мордох мэхээр цэвэр ялж, анхны алтан медалиа авч байсан бол, 2022 онд Парисын Их дуулгад түрүүлж, хоёр дахь
алтан медалиа зүүсэн. Харин одоо Тель-Авивын аварга болов. Түүний аав нь Хэнтий аймгийн харьяат, улсын начин, жүдо бөхийн ОУХМ Б.Одхүү. Ээж нь жүдо
бөхийн олон улсын шүүгч. О.Цэцэнцэнгэлийн тухайд улсын начин цолтой бөх, Жудо
бөхийн ОУХМ. Япон улсад жүдо бөхийн чиглэлээр суралцдаг. Анх 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд барилдаж бөхийн гараагаа
эхэлсэн бол жүдо бөхийг "Жудо академи"-ийн Д.Батсайхан багшаар анх
заалгасан гэдэг.
Энэ жил О.Цэцэнцэнгэл их азтай байгаа. Учир нь, нэгдүгээр сарын 30-нд болсон IJF буюу Олон улсын жүдогийн холбооны эхний тэмцээн болох Португалын Гранпри тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 17 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ганцаараа хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр хэсэгтээ Ямайк, Эквадорын тамирчдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Гүржийн Саба Инанейшвилитэй барилдан ялагдсан ч, дагах барилдаандаа Өмнөд Солонгосын Юн Жаэгүг, хүрэл медалийн төлөө Нидерландын Жүр Спикерсийг тус тус ялсан юм.