ДОРНОГОВЬ: “Их говийн тэмээ-2023” наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, спортод оруулах аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг олон түмэнд нээж харуулах зорилгоор Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Их говийн тэмээ-2023” наадмыг Сайншанд суманд гуравдугаар сарын 3-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн наадамд зөвхөн Дорноговь аймгийн хэмжээнд тэмээний өв соёл, уралдаан тэмцээнд оролцогчдыг харьяалал харгалзан хаалттай оролцуулах бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд сум бүр тэмээтэй жагсах, тэмцээний төрөл тус бүрд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцохоор журамд заасан байна.
“Их говийн тэмээ-2023” наадмаар тэмээн поло тэмцээн, атан тэмээ, тайлаг, торомны уралдаан болж, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах бөгөөд ингэний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг олон нийтэд хүргэнэ. “Их говийн тэмээ-2023” тэмээний наадмын үеэр зохиосон бүх тэмцээний дүнг нэгтгэж шилдэг нэг сумыг шалгаруулах аж.
Бүх сумын тэмээчид оролцсон тэмээний наадмыг одоогоос арваад жилийн өмнө аймгийн хэмжээнд зохион байгуулж байжээ. Сүүлийн жилүүдэд "Ковид-19" цар тахлаас үүдэж тасалдаад байсан гэдгийг албаныхан онцолсон. Говийн брэнд болсон тэмээний наадмыг дотоод гадаадын аялагч жуулчид сонирхон үздэг байна.