ДОРНОГОВЬ:Олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 10 агентлаг, байгууллагa, 14 сумын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй нэг ажил нь аймгийн харьяа 21 байгууллагад олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, нэг стандарттай болгох аж.
Олон улсын чанарын менежментийн тогтолцоогоор хэрэглэгч олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэхдээ чанарын өндөр түвшинд буюу хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай бөгөөд төрийн байгууллагуудын дотоод ажил, төрийн алба хаагч, хүний нөөцийн хүлээх үүрэг, хариуцлагыг нэг стандарттай болгох нь чухал аж.
Тиймээс байгууллага одоо ямар байдалд байгаа цаашид хэрхэн өөрчилж, стандартыг тогтоох асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор уг ажлыг эхэлжээ.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн алба хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл аймгийн харьяа 21 байгууллага нэг гараанаас гарч, нэгэн зэрэг уг стандартыг нэвтрүүлэх бөгөөд үүнийг дагаад иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү оновчтой, түргэн шуурхай болох ач холбогдолтой гэж албаныхан онцлов.
Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чанарын дэд бүтцийг бий болгоход ”Монсертф”ХХК, “Ворлд стандарт консалтинг”ХХК болон Дорноговь аймгийн ЗДТГ харилцан тохиролцож гурван талт санамж бичиг байгуулжээ.