ДОРНОГОВЬ: Төрийн захиргааны алба хаагчдын олонх нь эмэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-07 14:35:37

/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн  хүн амын дундах эмэгтэйчүүдтэй холбоотой зарим мэдээллийг хүргэж байна.

Аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын хүйсийн харьцааг харвал 554 эмэгтэй, 259 эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, аймаг сумын ЗДТГ, бусад төрийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо илүү аж.

Харин аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2004-2008 онд хамгийн дээд буюу 30 орчим хувьтай, 2012-2016 онд хамгийн бага буюу дөрвөн хувьтай, 2020 оны сонгуулиас хойш өнөөгийн байдлаар 21 хувьд хүрчээ. Одоогоор аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн долоо нь эмэгтэй байна.

Аймгийн хэмжээнд  энэ оны эхний нэгдүгээр сард 88 эх амаржиж, 89 хүүхэд шинээр төржээ. Амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеэс 15 буюу 14.6 хувиар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 15 буюу 14.4 хувиар тус тус буурсан байна.

Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоор Г.Март /эмэгтэй/,ЗДТГ-ын даргаар Н.Хонгорзул /эмэгтэй/, Эрдэнэ сумын Засаг даргаар И.Батсүрэн /эмэгтэй/ тус тус ажиллаж байна.

Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан 2021 оны нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 73300 хүн амтай болсон бөгөөд үүний 36278 буюу 49.5 хувь нь эмэгтэйчүүд эзэлж буй.

Өрх толгойлсон эхчүүд 778 буюу 41.7 хувь нь гурав хүртэлх, 931 буюу 49.9 хувь нь 3-5 гишүүнтэй, 158 буюу 8.4 хувь нь  зургаа ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Хүйсийн хувьд ажиллах хүчний 45.5 хувь нь буюу 12 905 нь эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхээс 9.0 пунктээр бага байгаа аж.

Аймгийн хэмжээнд нийт 7350 малчин буйгаас 3043 нь эмэгтэй байна.  

Связанные новости