ДОРНОГОВЬ: Жаран жилийн өмнө оргилсон ус одоо ч оргилсон хэвээр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-09 12:00:01

Алтанширээ /МОНЦАМЭ/. Говьд газрын гүнээс оргилон гарч байдаг ус бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Сайн-Ус нэртэй газар юм.

Хуучин нийгмийн үед Монгол, Зөвлөлтийн геологичид ашигт малтмалын хайгуул судалгаа хийж явах үедээ энд өрөмдлөг хийснээр газрын гүнээс ус оргилсон гэдэг. 1960-аад оны сүүлээр гэнэт газар доор асар их хүчтэй оргилон гарсан ус одоог хүртэл 60 гаруй жил оргилсон хэвээр байна.

Энэ газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын 2012 оны 2/09 тоот тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан юм. Зарим хүмүүс энэ усыг элэгний өвчинд маш сайн гэлцдэг. Сайн-Усыг хүмүүс Азийн цэвэр усны төв, говийн бүс нутгийн цэвэр усны төв гэх зэргээр олон янзаар ярьдаг. Учир нь энд Бор хөөврийн говь хэмээх газарт цэнгэг усны асар их нөөц тогтоогдсон байдаг бөгөөд усны нөөц, байршил, дэд бүтцийг түшиглэж Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барих ажил энд эрчимтэй өрнөж байна.

Сайн-Усны орчмын мал хангай нутгийнх шиг л ундаассан үедээ цэвэр усаар өдөр бүр ундаална. Мөн өвөл цас орсон үед  халиа их гүйж ус нь уул овоо шиг овойж хөлддөг бол зун цагт Дорноговийн иргэд, хүүхэд залуус олноор цуглардаг цэвэр агаарт тоглон наадаж, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болсон байна.

Связанные новости