ДОРНОГОВЬ: Ижил сүргээсээ хоцорч уурхайн хашаанд ирсэн хар сүүлтийг бэлчээрт нь тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-14 08:33:27

Даланжаргалан /МОНЦАМЭ/. Ижил сүргээсээ хоцорч уурхайн хашаанд ирсэн хар сүүлтийг байгаль хамгаалагчид олж бэлчээрт тавьжээ.

Энэ оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл" ХХК-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд хар сүүлт зээр байна гэсэн сумын иргэний дуудлага мэдээллийн дагуу Даланжаргалан сум дахь Их нартын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид тандалт хийжээ.

Баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодгаль байсныг алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын Байгалийн нөөц газрын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж суллаж тавьсан байна. Энэ ажлыг гүйцэтгэснээр зэрлэг амьтныг уурхайн бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн хэмээн албаныхан мэдээлэв.

Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газар нь Монгол орны аргаль, янгир болон бусад зэрлэг амьтан нутагшдаг улсын тусгай хамгаалалтад байдаг. 

Связанные новости