ГОВЬ-АЛТАЙ: Гадаргын усыг хамгаалах, нөхөн сэргээх талаар санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-15 09:43:00

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог дэлхийн усны өдрийг угтан "Өөрчлөлтийг хурдасгая" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Тодруулбал, Дэлхийн усны өдрийг угтан Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хүйсийн Говь-Цэцэг нуур, Хяргас нуур Завхан голын сав газруудын талуудын оролцооны зөвлөлийн хурал болон Говь-Алтай аймгийн БОАЖГ, холбогдох усны сав газрууд, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамруулсан "Өөрчлөлтийг хурдасгая” сэдэвт өргөтгөсөн уулзалт хэлэлцүүлэг гуравдугаар сарын 13-нд болсон.


Хэлэлцүүлгийн үеэр Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаад, тэдгээрийн талуудын оролцооны зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Говь-Алтай аймагт булаг шандын эхийг хашиж хамгаалах жишиг баримт бичиг боловсруулан мөрдөн ажиллаж байгаа талаарх танилцуулга, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутагт хэрхэн төвлөрүүлэх, буцаан зарцуулах, тайлагнах хууль, дүрэм журмын талаар мэдээлэл хийлээ.

Мөн усны нөөцийг зүй зохистой ашиглах, түүнчлэн хомсдолоос сэргийлэх, гадаргын усыг хамгаалах, хуримтлуулах, нөхөн сэргээх, Усны тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлах зэрэг олон ажлыг оролцогч талууд төсөв санхүүгээ нэгтгэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Говь-Алтай аймгийн усны асуудлыг гурван сав газар хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Нутгийн урд болон баруун урд хэсгийг Алтайн өвөр говийн сав газар, хойд болон баруун хойд хэсэгт Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар, зүүн болон зүүн хойд хэсгийг Хяргас нуур-Завхан гол сав газрын захиргаа хариуцан үйл ажиллагаагаа явуулж буй.

Говь-Алтай аймаг нь хатуу ширүүн уур амьсгалтай, хур тунадас бага ордог онцлогтой. Иймд гадаргын болон газрын дор байгаа ус хомс. Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд газрын дээрх ус ширгэх байдал ажиглагдаж байгаа. Иймээс тус аймгийн баримталж буй гол бодлого бол газрын доорх усаа ирээдүй хойч үедээ байгаагаар нь үлдээх үүднээс гадаргын усаа түлхүү ашиглая, хатаж ширгэж байгаа булаг шандаа хамгаалъя, нөхөн сэргээе мөн хөв цөөрмийг байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлэх зорилготой ажиллаж байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас онцлон танилцууллаа.

Связанные новости