ГОВЬ-АЛТАЙ: Гэрийн номын сангаа танилцуулах видео бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-06 12:31:03

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангаас "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд гэрийн номын сангаа танилцуулах “Өвлөгддөг өвөөрөө бахархъя” видео бичлэгийн уралдааныг энэ сарын 3-15-ны өдрийг хүртэл зарлаж байна.  


Гэрийн номын сангаа танилцуулж буй бичлэгийг 11 дүгээр сарын 15-ныг хүртэл хүлээн авч, 16-наас 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сан пэйж хуудсанд байршуулан олон нийтэд танилцуулан номын сангаа хамгийн сайхнаар танилцуулж, хамгийн их хандалт авсан видео бичлэгийг шалгаруулах ажээ. Иймд тус номын сангаас эрхэм уншигч та бүхэн өөрийн номын сангаа танилцуулан номын соёлыг хамтдаа бүтээж идэвхтэй оролцоорой хэмээн уриаллаа.


Говь-Алтай аймгийн иргэдийн гэрийн номын санг сурталчлах, номын баяжилт, тохижилтоо өөр хоорондоо танилцуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх сэдлийг төрүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор видео уралдааныг зарлажээ.

Связанные новости