АНУ-д тархсан шумуулаас "зика" вирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-09-02 14:06:49

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын нутагт тархсан шумуулаас анх удаа “зика” вирус илэрсэн байна.

Энэ тухай Флорида муж улсын Засгийн газар мэдэгдэхдээ "Майами хотын эрэг орчмын шумуулаас авсан шинжилгээнээс “зика” вирус илэрсэн" гэжээ.

Тухайн бүс нутагт “зика” вирусийн халдвар авсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хүмүүсийг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 50 орчим нь Майами хот болон хоёр өөр газрын шумуулаас “зика” вирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Майами эрэг болон томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд олонтой Флорида муж улсад жуулчид олноороо ирдэг учраас тус мужийн эрх баригчид анхаарал болгоомжтой байхыг оршин суугчид болон жуулчдад сануулж, шумуул устгах ажиллагааг эрчимжүүлж байна.

Д.Нямтулга

 

 

Связанные новости