Ч.Авирмэд: Ногоочдод үзүүлж буй мөнгөн урамшуулал жинхэнэ эзэндээ тэр бүр хүрч чадахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-03 16:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлээд буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулганд оролцогчдын нэг Монгол Улсын зөвлөх агрономич Ч.Авирмэдтэй уулзлаа.

Тэрбээр, төмс, хүнсний ногоо тариалж буй ногоочид хүрз, зээтүүнээс өөр барьцаа хөрөнгөгүй учир төр, засгаас ногоочдод үзүүлж буй мөнгөн урамшуулал жинхэнэ эзэндээ тэр бүр хүрч чадахгүй байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байлаа. Тиймээс салбарын яам энд зөв тогтолцоогоор, зөв шалгуур үзүүлэлт тавин, хянаж, аль болох яг үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хүрч ажиллавал цаашдаа төр, засгийн урамшууллын үйл ажиллагаа хөрсөндөө буусан, Монголын газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих том үзүүлэлт болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

ХХААХҮЯ үйл ажиллагаагаа цахимжуулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийг бодлогын хүрээнд тодорхой хэмжээгээр хяналтад оруулах нь эрүүл ахуйн талаас ч тэр органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэмтэй, хэрэглэгч нарт ч хэрэгтэйг онцоллоо.


Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Газар тариалангийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан тэрбээр тэтгэвэртээ гараад нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1000 ам метр га газарт өргөст хэмх, улаан лооль, амтат ногоо тариалан нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд эрүүл органик бүтээгдэхүүн нийлүүлж байна. Тэднийх 6 жил хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 81 настай ээж нь усалгаа хийж, гэр бүлээрээ ажиллаж байна гэв. 

Связанные новости