Төмс, хүнсний ногооны үрийг дотоодоосоо 100 хувь хангах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-03 16:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс төмсний үрийг дотооддоо 100 хувь хангаж байна. Ингэхдээ улсын хэмжээнд гурван жилийн доторх үр үйлдвэрлэлийн схемээр вирусгүй, бичил болцуу, супер элит болон элит үр үйлдвэрлэх шаардлагатай. Жилд 250-500 мянган ширхэг болцуу хэрэгцээтэй байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 120 мянган ширхэгийг гаргаж буйг нэмэгдүүлэх шаардлага үүсжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Н.Оюунсувд өнөөдөр болсон Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн хуралдаанаар мэдээллээ. Улмаар төмс шигээ хүнсний ногооны үрээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтойг танилцуулав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлээд буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд “Тариалангийн сэргэлт-2023” Үндэсний чуулган “Туушин” зочид буудалд хүнсний ногоо, жимс, жимсгэний салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.


Жимс, жимсгэний салбар хуралдаанаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйнуудыг байгуулж, аймаг бүрд суулгац, үржүүлгийн газрууд бий болгохыг зорьж буйг мэдээллээ. Тодруулбал, жимс, жимсгэний 172 агро аж ахуй байгуулахаар төлөвлөж, энэ онд Дундговь, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Баянхонгор аймагт жимс, жимсгэний суулгац, үржүүлгийн төв, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд жимс, жимсгэнэ, хүлэмжийн 400 сая төгрөгийн загвар аж ахуйг тус тус байгуулна гэв.

Говь хээрийн бүсэд хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг туршиж нутагшуулах, 100 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх аж. Үржүүлгийн нэг төвийг 250 сая төгрөгийн, нийт 1 тэрбум 250 сая төгрөгийн тендэрүүдийг зарлахар ажиллаж буйг дуулгалаа.


Төмс, хүнсний ногоо тариалагч нарт төр, засгаас үзүүлж буй мөнгөн урамшуулалд 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн хуримтлал олгохоор өнгөрсөн онд Засгийн газар 50 тэрбум төгрөг төлөвлөсөн.

Үүнээс 1615 иргэн, ААН-аас 70.6 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 981 иргэн, ААН-д 29.6 тэрбум төгрөг олгожээ. Энэ онд Засгийн газраас 20 тэрбум төгрөгийн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөснийг 30 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлээд буйг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдэгдээд байна.

Манай улс гурван жилийн өмнө 20 мянган тонн жимс, жимсгэнэ импортоор авдаг байсан бол сүүлийн 2 жилд энэ тоо 40 мянган тонн болж нэмэгджээ. Энэ нь нэг талаар Монголд жимс, жимсгэний хэрэгцээ, зах зээл байгааг харуулж байна. Нөгөө талаар манай улсад байгаа жимс боловсруулах 57 үйлдвэрийн 10.8 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадлыг бүрэн ашиглах хэрэгтэй нь харагдаж байна гэв.


Ингэхдээ уур амьсгалын тохиромжтой, өмнө нь тариалан туршиж байсан бүс нутагт бага тархацтай алим, чавга зэрэг жимс, жимсгэний томоохон төрөлжсөн аж ахуй байгуулахад 2.5 тэрбум төгрөгөөр дэмжихээр төсөл шалгаруулж буй талаар танилцууллаа. 


Связанные новости