Х.Болортуяа Энэтхэгийн бөхөд ялагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-11 15:10:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.


Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд 59 кг-д хүч үзсэн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Х.Болортуяагийн хувьд тун хүнд сугалаа таарсан. Тэрбээр хэсгийн эхний барилдаанаа 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Саритатай хийж, 1:4-өөр ялагдав.

Манай бөх хоёрдугаар тойрогт 2019 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Жуомалагатай, сүүлийн барилдаанаа Японы 2017 оны U23 насны дэлхийн аварга Японы Юи Саканотой хийнэ.


Мөн ОУХМ Ц.Намуунцэцэг 50 кг-ын жингийн тэгшитгэлийн барилдааныг өнгөрсөн жилийн Улаанбаатарын Азийн аваргад финалдаж ялагдаж байсан 2021 оны Ослогийн дэлхийн аварга Японы Ремина Ёшимототой хийсэн. Тус барилдаанд манай бөх 0:10 гэсэн оноогоор цэвэр ялагдаж, өрсөлдөгчөө шигшээд шалгарахаар хүлээхээр болов.


76 кг-ын жинд Г.Ариунжаргал Японы Нагашима Мизүкитэй эхний тойрогт барилдсан. Эхний үеийг 3:0 тэргүүлсэн ч хоёрдугаар үед үүрүүлэн, хүнд байдалд орж, 4 оноо алдсанаар 3:4 оноогоор ялагдлаа.


68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа Энэтхэгийн Нишатай учраа таарчээ. Эхний оноог манай бөх авч, тэргүүлж эхэлсэн ч шидүүлээд 4 оноо алдсан. Харин хоёрдугаар хагаст хүнд байдалд оруулж, далаар нь цэвэр тавих шахсан ч алдсан. Онооны хувьд 2:8 ялагдаж яваад 10:8 болгон хошуучилсан ч сүүлийн 15 секундэд ардаа гаргаж, хоёр оноо алдсанаар 10:10 ялагдал хүлээлээ. 

Связанные новости