“Харри Поттер” киноноос сэдэвчилсэн парк урьдчилсан нээлтээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-24 17:11:05

ТОКИО. /Kyodo/. Зургаадугаар сарын 16-нд албан ёсоор нээхээр товлоод байгаа, Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноноос сэдэвлэсэн парк хэвлэл мэдээлэлийнхэнд зориулсан урьдчилсан нээлтээ хийлээ гэж паркийн оператор компани  Warner Bros. Studios Japan LLC мэдээлжээ.


Английн зохиолч Ж.К.Роулингийн алдарт зохиолуудаар бүтээсэн “Харри Поттер” цуврал киноноос сэдэвчилсэн Японы хоёр дахь парк Токиод нээгдэх гэж байна гэж тус компани онцолсон байна. 


Харри болон түүний найзуудын олон сонирхолтой адал явдлын тайз болсон, үзэсгэлэнт Хогвартс шилтгээний Их танхимын хуулбарыг үзэхээр хэвлэл мэдээллийнхэн болон бага сургуулийн 30 орчим сурагч уригдсан байна.


Уг танхимын өвөрмөц хийц, түүний дотор лааны суурь өлгөдөг амьтны хэлбэртэй баримлууд, чулуун шал, киноны гол баатруудын биеийн хэмжээтэй хөшөөнүүд зэрэг янз бүрийн үзмэрүүдийг сурагчид үзэж сонирхжээ.


"Бүх зүйлс кинон дээрх шигээ яг адилхан хийгдсэн нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Энэ парк хурдан нээгдээсэй гэж би тэсэн ядан хүлээж байна" гэж 11 настай, бага сургуулийн сурагч Сэцүна Гото хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.


Энэхүү сэдэвчилсэн парк нь Токио хотын Нэрима дүүрэгт өдгөө үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа “Toshimaen” соёл амралтын хүрээлэн байсан газарт 30 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд баригдаж байгаа аж.  Тус соёл амралтын хүрээлэн байгуулагдсанаасаа хойш 100 орчим жилийн дараа 2020 оны наймдугаар сард хаагдсан юм.

Связанные новости