“Санаэгийн цүнх”-ний захиалга эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-11-06 17:17:36

НАГАНО, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн барих дуртай хар арьсан цүнх нь нийгмийн сүлжээгээр алдартай болсны дараа Японы төв нутгийн арьсан эдлэл үйлдвэрлэгчийн захиалга огцом өсжээ. 


“Grace Delight Tote” хэмээх цүнхийг Токио хотод төвтэй, 145 жилийн түүхтэй арьсан эдлэл үйлдвэрлэгч “Hamano Inc” компанийн 20 орчим гар урчууд оффисын ажилтан эмэгтэйчүүдэд зориулан Нагано мужид гараар урладаг. “Санаэгийн цүнх” хэмээн нэрлэгдэх болоод буй 700 орчим гр жинтэй уг цүнх нь А4 хэмжээтэй баримт бичгүүдийг багтаадаг бөгөөд 136 400 иений /885 ам.доллар/ үнэтэй юм.


Гуч гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн хөнгөн цүнх нь найман өнгөний сонголттой. Гэсэн хэдий ч захиалга нь ихэссэн тул тус компани одоогоор зөвхөн хар өнгийн цүнхний захиалгыг хүлээн авч байна. Ирэх оны долоодугаар сарын сүүлч хүртэл нийлүүлэлт хийгдэхгүй гэж тус компани мэдэгджээ.


Энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Т.Санаэ уг цүнхийг барьж яваа нь харагдсаны дараа 1880 онд байгуулагдсан компанийн бүтээгдэхүүний захиалга огцом нэмэгдсэн байна. “Hamano”-гийн ажилтан Таканори Кобаяшигийн ярьснаар, 20, 30-аад насны залуу үйлчлүүлэгчдээс ердийн үеийнхтэй харьцуулахад илүү олон захиалга ирэх болжээ.


“Энэхүү загвар нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд олон жилийн турш хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн бид засварын үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчид цүнхийг удаан хугацаанд эдэлж хэрэглэх боломжтой” хэмээн Т.Кобаяши ярилаа.



Связанные новости