Тэмцээн дөхөх тусам шагналын хэмжээ нэмэгдсээр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-26 15:28:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлогтой.

Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.долларын шагналтай гэж зарлаад байгаа.

Гэвч ДАШТ эхлэх өдөр ойртох тусам шагналын сан нэмэгдсээр байна.

Тухайлбал, Казахстаны боксын холбооноос энэ өндөр шагнал дээр нэмж, дэлхийн аварга болсон тамирчдадаа их хэмжээний мөнгөн шагнал амлалаа.

Өөрөөр хэлбэл, Казахстаны боксын холбоо алтан медаль хүртсэн тамирчиндаа 100 мянган ам.доллар өгөх болжээ. Тэгэхээр энэ жилийн ДАШТ-д түрүүлсэн казах боксчин 300 мянган ам.долларын шагнал авна гэсэн үг юм.

Энэ талаар Казахстаны боксын холбооны тэргүүн Кенес Ракишев “Тамирчдаа дэлхийн аварга цолны төлөө улам илүү хичээн өрсөлдөөсэй гэсэндээ нэмэлт шагнал гаргаж байна. Уламжлал ёсоор энэ шагналыг улсаас гаргахгүй, миний санхүүгийн эх үүсвэрээс гаргах юм. Аваргуудад 100 мянган ам.доллар амлаж байна. Медальтнууд ч бас шагналтай” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Связанные новости