Б.Болортуяа нэг онооны зөрүүгээр тун эргэлзээтэй ялагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөв дэх удаагийн Поддубный бөхийн лиг (PWL) өчигдөр Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” арэнад эхэлсэн. Энэ тэмцээнд Монголоос ганцхан тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээнийг
зохион байгуулагчид манай Т.Тулгыг Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль
Мамедовтой халз барилдана гэж зарласан ч тодорхой шалтгааны улмаас барилдаан
явагдахгүй болж, Т.Тулгыг Азербайжаны Алиев орлох болсноор "Токио-2020"
олимпын наадам, "Нурсултан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат
тамирчин Б.Болортуяа ганцаар эх орноо төлөөлөх болсон.
Тэмцээний хамгийн эхэнд эмэгтэй 53-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа Европын АШТ-ий хос хүрэл медальт Дагестаны Милана Дадашеватай барилдлаа. Барилдаан эхэлмэгц манай тамирчин илт илүүрхэж, хөлд орж, 2 оноо, дараалж эргүүлээд 4 оноо, нийт 6:0 оноогоор тэргүүлж эхэлжээ.
Гэхдээ хоёрдугаар үед дайралтаа сулруулснаас
оноо дараалан алдсан ч, цаг дуусахад минут хагас үлдээд байхад манай бөх 6:4-өөр
ялж байсан байна. Яг энэ үед Б.Болортуяаг хөлд ороход Милана өвдөглөв үү, эсвэл
өөр зүйл болсон уу, ямартай ч, Болортуяагийн толгой хагарчээ.
Дадашева
хүнд байдалд оруулан, хоёр оноо авч байх үед манай бөхийн цус асгарч эхэлсэн ч шүүгч
тун хожуу цус гарч байгааг анзаарч, барилдааныг зогсоосон байна. Шүүгч
тэмцээнийг зогсоох мөчид Болортуяа Дадашевагийн ард нь гарч оноог 7:6 болгосон
байж. Ингээд толгойгоо битүү боогоод барилдаан үргэлжилсэн байна.
Оросын баг челленж шидэж, нэг оноог хассанаар 7:8 болж, давуу байдалтай болсон Дадашева дайрч эхэлсэн. Сүүлийн нэг минутын барилдаан тун ширүүн өрнөж, Дагестаны бөх шархтай толгойг нь мөргөж, хөндөж, тун бохир барилджээ. Хамж дайраад 4 оноо, 7:12. Болортуяа ч мөн хөлд орж, оноо авснаар цаг дуусахад 8:12 болж, манайхан челленж шидсэн ч шүүгч нар оноог 13:14 болгосноор Милана энэ удаад яллаа.
Б.Болортуяа өнгөрсөн жил "PWL" анхдугаар лиг болон Яшар Догугийн нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний финалд түүнийг ялж түрүүлж байсан билээ.