Б.Чинзориг маргааш медалийн өнгөө өөрчлөх тулаан хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жакарта-2018” Азийн наадмын мөнгөн медальт, Азийн
аваргын иж бүрэн медалийн цуглуулгатай, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт
хорооны тамирчин ОУХМ Б.Чинзориг Ташкентын ДАШТ-д 63.5 кг-ын жинд хүрэл
медалийн болзол хангалаа. Тэрбээр “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020”
олимпын хүрэл медальт, дэлхийд 3 түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн Кубын алдарт
боксчин Ласаро Альварес Эстрадатай медальтай үлдэх эсэхээ шийдэх тулаанд
4:1-ээр илүүрхэн ялсан.
63.5 кг-д Ази
тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг
5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг мөн 5:0-ээр ялж, медалийн
төлөөх тулаанд шалгаран үлдсэн юм.
Б.Чинзоригийн
хувьд ДАШТ-ий медалийн даваанд гурав дахь удаагаа гарч ирсэн нь энэ.
Маргааш Ташкентын цагаар 14:00-д эхлэх 63,5 кг жингийн тулаанд Б.Чинзориг хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа хийх бөгөөд учраа нь Тажикистаны боксчин Баходур Усмонов юм. Харин 18:00 цагаас хэнгэргээ дэлдэх 67 кг-ын жинд Б.Мишээлтийн өрсөлдөгч нь Узбекистаны тулаанч Асадкужа Мюдинкужаев нар юм.
Баходур Усмонов нь 1997 оны XII сарын 21-нд Душанбе хотноо төрсөн, 26 настай. Азийн АШТ-ээс 1 алт (2019) , 2 хүрэл (2021, 2022) медаль хүртсэн. “Токио-2020” олимпод Доминикан С.Нуньесийг 4:1 ялж, олимпоос хүрэл медаль хүртсэн Узбекистаны Э.Абдураимовт 0:5 ялагдсан боксчин юм.