“Road to One Mongolia”-гийн анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шандас ММА” клубийн тамирчин, ONE championship холбооны “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа.
Тэрбээр Тайландын алдарт Лумпини стадион (Lumpinee Stadium)-д энэ сарын 19-нд Вараяын дайчин хочит Роки Бактол (Rockie Bactol)-той тулалдах юм. Филиппиний тамирчин Роки Бактол нь мэргэжлийн тулаанд 5 ялж, 2 хожигдож байжээ.
Б.Энх-Оргил Лумпини стадионд болсон ONE Fight Night-13 арга хэмжээний үеэр ONE WARRIOR SERIES PHILIPPINES-ийн ялагч Адонис Севилленотой 4-р сарын 21-нд тулалдаж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан билээ.
Тулаанч Б.Энх-Оргил “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч болж, ONE championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрх авсан. Тэрбээр эхний тулааны дараа үргэлжлүүлэн Тайландад бэлтгэлээ хийхээр үлдсэн юм.
