ОРХОН: Баян-Өндөр ууланд агаарын зам байгуулах төслийг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон
аймгийн аялал, жуулчлал Хотын аялал, Уулын
аялал, Үйлдвэрийн аялал, Байгалийн дурсгалт газрын аялал гэсэн дөрвөн чиглэлээр
хөгжих боломжтой юм.
Хотын аялалд Эрдэнэт хотын
түүхэн хөшөө, дурсгал, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Ойн генетик нөөцийн төв,
Бурхан багшийн сэрэг дүр, Монгол ёс
заншлын цогцолборыг үзэж болно. Мөн аймгийн Музей, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музейг
үзэж болно.
Уулын аялалд хойшоо Баян-Өндөр
уул, урагшаа Сархиа уул, зүүн талд Хадтай уулын аяллыг зохион байгуулж болно. Эдгээр
газраас Эрдэнэт хотыг хойно, урд, зүүн талаас нь бүрэн харна.
Үйлдвэрийн аялалд “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрийн тэсэлгээ,
үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харуулдаг тусгай цэг бий. Мөн Ачит –Ихт, Эрдмин,
Зэс Эрдэнийн хувь зэрэг зэс үйлвэрлэдэг үйлдвэрүүдтэй
танилцах боломж ч бий юм.
Байгалийн дурсгалт газрын аялалд Жаргалант
суманд “Айргийн гозгор” хэмээх газарт Хүннү, Сяньбигийн үеийн хиргисүүр, Бөөрөнхий сайр зэргийг үзэж болох юм.
Үүн дээр нэмж Орхон аймаг эрүүл мэндийн дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОЭТ, Эрдэнэт медикал эмнэлэг аяллын маршрут, хөтөлбөр гаргаж байна.
Монгол Улсын
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тэгвэл
Орхон аймаг “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” хөрөнгө оруулалт, эдийн засгийн
чуулганы үеэр Хангайн бүсийн аялал жуулчлалын дамжин өнгөрөх гол төв болох
Орхон аймгийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх талаар гурван төсөл танилцууллаа.
Үүнд, агаарын
тээврийн чиглэлээр “Баян-Өндөр уул” төсөл, амралт, зугаалгын “Хөв цөөрөм”, “Хадтай
уул” төслийг хэрэгжүүлэхээр чуулганд оролцсон гадаад, дотоодын зочид,
төлөөлөгчид, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.
Орхон аймгийн
иргэдийн хамгийн их зорчдог хэсэг болох Баян-Өндөр уул, Хадтай уул буюу хотын
зүүн талд орших өндөрлөг газар юм. Үүнийг аялал, жуулчлалын цогцолбор болгох
зорилгоор “Баян-Өндөр уул” төслийг 1.45 га талбайд хэрэгжүүлж дүүжин агаарын
зам, дугуйн болон явган хүний зам, амрах, оторлох цэг, ариун цэврийн
байгууламж байгуулна. Мөн 10х4 хэмжээтэй
усан сан, Эрдэнэт хотыг хамгийн өндөрлөг газраас харах цэг байгуулах ажээ.
Хадтай уул буюу Бурхан багшийн сэрэг дүрийн баруун талд орших тус газарт Эрдэнэтийнхний очих дуртай газрын нэг юм. Үүнийг аялал, жуулчлалын бүс болгож нэг га талбайд тохижилт хийх юм. Үүнд алхах, салхилах зай талбай, ногоон байгууламж, хүрхрээ, усан сан, 16-20 өрөөтэй амралтын цэг, ресторан зэрэг үйлчилгээний цогц төв байгуулна.