Марафонч Б.Сэр-Од 11 дэх ДАШТ-дээ өрсөлдөж, Гиннесийн номд бичигдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-06 15:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Спортын хатан хаан" хэмээгддэг хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн ирэх наймдугаар сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болно.


Энэхүү тэмцээнд Монголын дөрвөн марафонч Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцох болсныг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос (World Athletics) өнөөдөр баталгаажуулжээ. Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна. Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар Монголын Б.Сэр-Од маань Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных.


Тэгэхээр марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй гэсэн үг. Өнгөрсөн жил АНУ-ын Ореган мужид болсон 10 дахь ДАШТ-д тэрбээр оролцсоны дараа тэрбээр 2:11:39 гэсэн амжилтаараа 26 дугаар байрт шалгарч байсан юм. Үүний дараа Гиннесийн дээд амжилтын номд "Хөнгөн атлетикийн дэлхийн аваргад марафоноор хамгийн олон оролцсон хүн" гэсэн зүүсгэлтэй орсон бол энэ амжилтаа дахиад нэгээр ахиулах хосгүй боломж түүнд ирж байна.


Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ. Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн  анхны марафонч болно. Тэрбээр өөрөө ч замналынхаа сүүлийн олимпод оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа. Б.Сэр-Од “Би Парисын олимпод оролцмоор байна. Би Парист сүүлийн марафондоо гүймээр байна. Түүний дараа би дасгалжуулагч болно. Гэхдээ хажуугаар нь өөрийгөө ч гэсэн бэлтгэнэ” гэж ярилцлага өгч байсан удаатай.


Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон Б.Сэр-Одын уралдааны зам үргэлжилсээр. 

Связанные новости