Чендү-2021: Жүдоч Б.Эрдэнэт-Од, Д.Номинзул, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-31 17:41:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чендү хотноо "Чендү-2021" оюутны "Универсиад" наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.


Жүдо бөхийн -78 кг-ын жинд спортын мастер Б.Эрдэнэт-Од өнөөдөр хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. 


Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Литвын Жулиа Дуденаитег 2:29 дэх минутад цэвэр ялж шагналын тавцанд зогслоо.


Түүнчлэн жүдо бөхийн -100 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, Улаанбаатарын "Их Дуулга"-ын аварга ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэн боллоо. Б.Гончигсүрэн өнөөдөр Италийн Даниеле Ассогли, Азербайжаны Руслан Насирлиг тус тус ялж, хагас шигшээд өнгөрсөн жилийн Токиогийн Грандсламын хүрэл медальт Японы Кайто Гринд вазаригаар ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Леви Бултхуисийг ялснаар Чендүгээс Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа.


Монголын багийн дөрөв дэх медалийг Улаанбаатарын "Их Дуулга"-ын хүрэл медальт, спортын мастер Д.Номинзул авлаа.  Тэрбээр жүдо бөхийн +78 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдааныг 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны өсвөр үеийн Европын аварга Италийн Эрика Симонеттитай хийж ялалт байгууллаа.


Харин +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Иракли Деметрашвилид вазаригаар ялагджээ.




Тодруулга:

БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын Монголын багийн анхны медалийг "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер О.Уранбаяр өчигдөр жүдо бөхийн 73 кг-ын жинд авсан юм.


Мэдээг дараах холбоосоос уншина уу

Чендүд О.Уранбаяр Монголын багийн анхны медалийг авлаа (montsame.mn)  

Связанные новости