Э.Номундарь, Ү.Баасандаш нар хүрэл медалийн болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 08:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд өчигдөр боксын тэмцээнээр эхэлж, тус тэмцээнд 43 тамирчин бүртгүүлснээс зарим жингийн урьдчилсан шатны тоглолт боллоо.


Монголын боксчдоос өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медальт, шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь эмэгтэйчүүдийн 54 кг-д БНСУ-ын У Еэ Жинтэй рингэнд гарч, гурван үеийн тулааны эцэст шүүгчдийн 4:1 гэсэн саналаар яллаа. Э.Номундарь энэ тулаанд ялснаар хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байгаа бөгөөд мөнгөн медалийн төлөө тулалдана.



Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний 63.5 кг-д Ү.Баасандаш эхний тулаанаа Тайванийн Руи Цун Цай-гийн эсрэг хийж, шүүгчдийн 5:0 гэсэн шийдвэрээр яллаа. Ингэснээр хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол ханган, баасан гарагт мөнгөн медалийн төлөө тулалдана.


Харин боксчин У.Алтангэрэл Японы Шома Окүмүрад ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ. 



Связанные новости