ЗАВХАН: Отрын бүс нутагт уст цэгийг нэмж гаргах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тус
аймгийн Багахайрханы отрын бүс нутагт 2023-2024 оны өвөл, хавар хонин толгойд
шилжүүлснээр 39.8 мянган толгой малыг өвөлжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумын нийт 39857 толгой мал өвөлжих төлөвлөгөөтэй байна. Малчид 11 дүгээр сарын 1-нээс малаа оторлож эхэлнэ.
Улсын хэмжээнд тусгай хэрэгцээний буюу аймаг дундын 9 отрын
бүс нутаг байдаг. Нийт 738 мянган га талбайг “улсын тусгай хэрэгцээний
отрын бүс нутаг” болгосон. Энэ бүс нутагт жил бүр нэг сая орчим толгой малыг
өвөлжүүлж, хаваржуулдаг ажээ.
Тусгай хэрэгцээний отрын нутгуудыг байгуулснаар өвлийг өнөтэй, хаврыг эрсдэл багатай давах, бэлчээрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, отор нүүдэл хийж байгаа малчдын ая тухыг хангах зэрэг олон давуу талтай юм.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны
судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг
баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр
ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар нь тооцоолж
гаргажээ.
Завхан аймгийн тухайд энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан бэлчээрийн даац хэвийн сайн гарсан.
Гэсэн хэдий ч бэлчээртээ тохируулж отор нүүдэл хийх, бэлчээрийг сэлгэх. Сумд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх.
Малаа борлуулах, тоог бууруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Завханмандал сумын нутагт орших Багахайрханы аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр танилцжээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга:
“Отрын бүс нутгийн айлууд өвөлжөөгөө бусдад түрээслүүлдэг нь бүс нутагт харьяалалгүй мал орж ирэх, бэлчээрийн маргаан үүсэх гол шалтгаан болж байгаа. Тиймээс сумын удирдлагууд малчидтай зөвшилцөх шаардлагатай байна.
Мөн отрын бүс нутагт уст цэгийг нэмж гаргах, малчдаас малын хөлийн татвар авах. Хадлан тэжээл авах газраа хашаалж хамгаалах шаардлагатай” гэсэн чиглэл өгсөн.
Дээрх ажлуудад аймаг орон нутгаас
шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэхээр болсон тухай аймгийн ЗДТГ-аас нэмж
дуулгав.
Ташрамд отрын бүс нутгийг баталгаажуулснаар тэр бүс нутагт
аль сумаас, хэдэн тооны малтай, хэн гэдэг малчин ирж өвөлжиж, хаваржиж байгаа
тухай мэдээлэл албан ёсоор бүрдэнэ.
Ингэснээр отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрхөд эрүүл
мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болох төдийгүй олон ач холбогдолтой
ажээ.