ЗАВХАН: Өнөө шөнөөс цас орж үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-05 15:34:28

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завханы ихэнх нутгаар өнөө шөнө цас орж үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


Өнөөдрийн 08.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр Цэцэн-Уул 1см, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тэс, Түдэвтэй сумдын нутгаар 0см цастай байна. Зарим сум уулаараа цастай байна.


11 дүгээр сарын 5-ны шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр болон 7-нд ихэнх нутгаар, 6-7-ны шөнө, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нийт нутгаар хүйтрэх тул зам даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Тиймээс эдгээр өдрүүдэд Завханы нутгаар дайран өнгөрөх болон сумд руу тээвэрт болон зорчих гэж байгаа бол авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын мэдээллийг тогтмол харахыг зөвлөж байна. Малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гэртээ ахмад настан болон өвчтэй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихоос сэргийлэх. Цаг агаарын мэдээллийг тогтмол авч байнгын харилцаа холбоотой байхыг сануулж байна.  

Связанные новости