Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр башё дараалан өнжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-13 11:00:18

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү өчигдөр Фүкүока хотод эхэллээ. Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас өнжиж буй. Түүний дэвжээний багш Исэгахама ярихдаа “Тэр урагшаа алхах бүрдээ өвдөлт мэдэрч байгаа. Барилдаж чадахгүй байна. Уг нь энэ удаагийн башёд барилдана гэж бодож байсан юм. Гэвч барилдаж чадахгүй байна. Өвдөгний бэртэл нь гайгүй болж байтал нуруу нь бэртлээ. Түүний бэртэл бэлтгэл бүрийн дараа үрэвсэж байна” гэжээ.


Ийнхүү ёкозүна Тэрүнофүжи гурван башё дараалан бүтэн барилдаж чадсангүй. Өдгөө 31 настай тэрбээр Нагоя башёг дундаас нь орхиж, өнгөрсөн Аки башёг өнжсөн билээ. Тэрбээр бэртлээ сайтар эдгээж байгаад шинэ оны анхны башёд зодоглох хүсэлтэй байгаа гэнэ.


Тэгвэл түүний эзгүйд зүүний манлайг озэки Такакэйшо тэргүүлж байна. Тэрбээр эхний өдөр комүсүби Хокүтофүжиг давсан бол озэки Киришима Б.Лхагвасүрэн Үраг ялжээ. Мөн озэки Хошорюү С.Бямбасүрэн Шодайг давж, башёгоо өнгөтэй эхлүүлэв. Мэдээж энэ удаагийн башёг гол өрсөлдөгчдөөр дээрх гурван озэкиг нэрлэж байна.


Одоо идэвхтэй барилдаж буй ганц ёкозүна Тэрүнофүжи бэртлийн асуудлаас бүрэн ангижирч чадахгүй байгаа учир дараагийн ёкозүнад одоогийн гурван озэки хүчтэй яригдаж байгаа. Гагцхүү хэн нь олон түрүү авч, тасарч чадах вэ гэдэг л анхаарал татаж буй. Макүүчид барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил эхний өдөр Такарафүжиг, Хокүсэйхо А.Даваанинж Таканошог тус тус давсан. Харин Рога А.Амарсанаа өвдөг шороодов.


2023 оны сүүлчийн башёгийн дээд гурван зиндаанд Монголын 18 бөх барилдаж байна. 

Связанные новости