ТӨВ: 2022-2023 онд 17 суманд ахуй үйлчилгээний 42 цэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-17 15:38:03

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 383 ахуй үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэгүүдийн үйл ажиллагааны талаар аймгийн ХХААГ-ын Үйлдвэр худалдаа, үйлчилгээний албаны дарга Б.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Аймгийн хэмжээнд ахуй үйлчилгээний чиглэлийн хэд хэдэн төлөвлөлтүүд хийж, түүний дагуу ажиллаж байна.


Нэн тэргүүнд хуучирсан барилга байгууламжийг засч, шинээр ашиглалтад оруулах, Улаанбаатар хот руу борлуулалтын замыг нээж өгөх, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарыг дэмжин өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж байна.


Түүнчлэн тусгай сангуудын зээлийг уян хатан нөхцөлтэйгөөр, хамгийн боломжит хүүгийн хамт олгож байгаа. Ингэснээр аймгийн хэмжээнд 2022-2023 онд 17 суманд ахуй үйлчилгээний 42 цэгт 119 шинэ ажлын байр бий болсон байна.


Харин ахуй үйлчилгээний хувьд анхаарах ёстой асуудал нь иргэдийн ажил эхлэх үед нээж, ажил тарах үеэр зэрэг тарж хаалгаа барьдаг.


Үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааны хувьд маргаан дагуулсан асуудлууд байдаг тул цаашид стандарт шаардлагыг хангуулан ажиллах олон талт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв. 

Связанные новости