Сургууль, цэцэрлэгүүд эхнээсээ санхүүгийн хүнд байдалд орж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Боловсролын салбар тэр дундаа сургууль, цэцэрлэгүүд эхнээсээ санхүүгийн хүнд байдалд орж эхэллээ.
Өнгөрөгч наймдугаар сард явуулсан санхүүгийн шалгалтын дүн тун тааруухан үзүүлэлттэй гарч, долоон байгууллагын удирдлагад сахилгын арга хэмжээ авсан байна. Чойбалсан хотын 6-р сургууль санхүүгийн хүндрэлээс цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон учир 8-р сургуультай нэгтгэх шийдвэрийг аймгийн удирдлагууд саяхан гаргав. Тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа олон жилийн өмнөөс доголдож эхэлсэн ч бусад сургуулиудиас төсвийн алдагдлыг нь нөхөж явсаар өнөөг хүрсэн гэнэ. Тус сургуулийн тухайд 13 бүлэгт 268 сурагчтай ачаалал 70 хувьтай явж ирсэн, цаашид энэ байдлаар явбал оны эцэс гэхэд 78 сая төгрөгийн өр үүсэх нөхцөл бүрдсэн тухай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын хэлтсийн дарга Б.Саранчимэг мэдээлэв.
Одоогийн байдлаар Дорнод аймгийн боловсролын салбарт нийтдээ тэрбум гаруй төгрөгийн өр үүсээд байна. Энэ нь урсгал зардлаа дийлэхгүй, мөн удирдлагуудын буруу менежмент зохион байгуулалтаас шалтгаалсан гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага өгчээ.
Б.Туяа